Өрмийг нь зараад хусмыг нь иргэдэд үлдээх үү Ерөнхий сайдаа

2019-08-13 0

Улсын баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр Монголын ард түмний өмч болсон “Эрдэнэс-таван толгой” ХК-тай холбоотой нэгэн шийдвэрийг У.Хүрэлсүхийн засгийн газар 296 тоот тогтоол гэж нэрийдэн гаргажээ. Тогтоолын хоёрдугаар хэсэгт “Эрдэнэс-таван толгой” ХК-д охин компани байгуулах, тус компанийн эзэмшдэг Таван толгойн ордны ашиглалтын лицензүүдээс МҮ-011943 дугаартай Цанхийн зүүн хэсгийн тусгай зөвшөөрлийг эхний ээлжинд “охин компани”-д эзэмшүүлэх, охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад зарах тухай юм.

“Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн эзэмшдэг найман лицензийн өрөм болсон хэсэг нь дээр дурьдсан МҮ-011943 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий Цанхийн зүүн хэсгийн орд гэгддэг.

 Гэтэл өрмийг нь гадныханд өгч  хусмыг нь ард түмэнд үлдээх шийдвэрийг У.Хүрэлсүх тэргүүтэй салбарын сайд Д.Сумьяабазар нар гаргасан байна. Угтаа бол Д.Сумьяабазар сайд болон гарч ирэхдээ л Тавантолгойн IPO-г би хийнэ. Гадаадад боловсрол эзэмшиж ирсэн мундаг залуучуудаар энэ ажлыг хийлгэж уул уурхайн төдийгүй нүүрсний салбарын анхны шанг татна хэмээн орой бүр зурагтаар ярьж суусан түүхтэй. Гэтэл нэг жил өнгөрөхөд түүний баг дорвитой ажил юу хийгээгүй байж тавантолгойн өрмийг нь аваад тусдаа гарах гэж байна.

Энэ асуудал өмнө нь ЗГ-ын хуралдаанаар хэд хэд ороод шийдэгдээгүй.  Д.Сумьяабазар сайд зүтгүүлж, Ерөнхий сайд дэмжихгүй байснаа гэнэт ийнхүү гэрлийн хурдаар шийджээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ерөнхийлөгч дэмжихээр тохиролцоо хийсэн. Тэрхүү  тохиролцоон дотор “Эрдэнэс тавантолгойн” охин компани багтсан гэх мэдээлэл ч байна.

Ер нь нүүрс зарах, квот олгох тал дээр УИХ-ын гишүүд болон “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн захирал Ч.Ганхуяг ч өөрөө эрх мэдэлгүй гэлцдэг. Энэхүү тохиролцоог зөвхөн төрийн гурван өндөрлөг л зохицуулдаг гэдэг.

Харин одоо ийнхүү Д.Сумьяабазар сайдын зүтгүүлсэнээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын дэмжлэгээр тавантолгой иргэдийн эрх мэдлээс гарч одлоо.  Ард түмний өмч болсон уурхайн сор болсон үнэтэй нүүрс ингээд хэдхэн олигархуудын хувийн эзэмшилд шилжиж иргэдийн халаасанд шигшсэн шороо үлдэх гэж үү Ерөнхий сайдаа.

Иргэдэд ноогдол ашиг тараах тухай Таван толгойн удирдлага мэдэгдэж ТУЗ нь нэг иргэнд 26800 төгрөг өгөх шийдвэр гаргаж байсан. Энэ үед ҮАБЗ болон эрхэм Ерөнхий сайд У.Хүрэлсүх та улс орны хөгжилд тус нэмэр бол гээд иргэдэд өгөх мөнгийг төмөр замын бүтээн байгуулалтад оруулахаар болсон. Үнэндээ бол уурхай ашигтай ажиллалаа гэж 54 тэрбумыг хувьцаа эзэмшигч энгийн иргэдэдээ өгөх гэж байсан юм.

Харин жилийн турш IPO ярьсан супер сайд Д.Сумьяабазар IPO гаргах зөвлөх үйлчилгээ нэрээр 280 тэрбум төгрөг зарцуулж байна хэмээн Эдийн засагч Л.Наранбаатарт хэсэг шүүмжлүүлж эцэстээ 280 тэрбум төгрөгтэйгээ хамт Зүүн цанхийн нүүрсийг охин компани байгуулах нэрээр авч одов.

Тэрбээр охин компанидаа “Тавантолгой майнинг” хэмээн нэр өгч захирлаар нь УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг томилсон гэдгийг Эрдэнэс-тавантолгойн ТУЗ-ийн гишүүд ярьж байна. Харин өнөөх Х.Наранхүүг томилохыг зөвшөөрсөн бичиг АТГ-аас хараахан ирээгүй бололтой. Учир нь Х.Наранхүү нь 2000-2007 онд Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа хувьдаа их хэмжээний мөнгө завшсан хэргээр шалгагдаж мөн 2013 онд “Шинэ техноложи” компанитай холбоотой хэргээр зургаан тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж АТГ-т шалгагдаж байсан нэгэн юм.

Дэлхийн боловсрол ярьсан сайд Д.Сумьяабазар авилгын хэргээр шалгагдаж сурсан нэгнээр охин компаниа удирдуулах гэж буйг харахад ард түмний хувьцаа ч салхинд хийсч харагдах юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэ удаа  улс төрийн элдэв тохиролцоогоо хойшуулж ард түмний хөрөнгийг өөрсдөд нь үлдээж өгөөч. Дарлуулж сурсан эгэл ард чинь хувьцааны ноогдол ашиг 54 тэрбумаа улсын бүтээн байгуулалтанд үг дуугүй өргөсөн. Гэтэл үүний хариуд иргэдийнхээ халаас руу ийнхүү дур мэдэн гар дүрж болно гэж үү.

Холбоотой мэдээ

Гурван гишүүнийг 33 тэрбумын зээлээр зодсон бороохой нь хэнийх байв?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээ

2021-01-22

“Эрдэнэт”-ээс илэрсэн “Ачит Ихт”-тэй холбоотой зөрчлүүд: Овоолго, газар, татвар…

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг шалгахаар “Ачит Ихт” ХХК-тай холбоотой ноцтой зөрчлүүд илэр

2020-12-11

САЯ ДОЛЛАРЫН УУРХАЙЧИДТАЙ ЗАХИРАЛ

Эх сурвалж: Business.mn Төрийн өмчит том компанийн захирал тэр чигээрээ албан тушаалын нэр зүүс

2020-10-30