“Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хуулиар хааж болохгүй”

2020-08-20 0

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ САНААЧЛАХ ЭРХИЙГ НЬ ХУУЛИАР ХААЖ БОЛОХГҮЙ”

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг Улсын Их Хурлын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн болно. Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэж үзэн Ерөнхийлөгч УИХ-ын тухай хуульд хэсэгчилэн хориг тавиад байгаа юм.

Хоригтой холбогдуулан гишүүд байр сууриа хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-УИХ-ын гишүүн хууль санаачлах нь асуудалтай болсон. Гишүүний санаачилсан хуулийн төслийг судалж байна гээд дардаг. Харин Засгийн газар хууль санаачлах нь нээлттэй байгаа. УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд халдаж болохгүй. Сүүлдээ бүр УИХ-ын гишүүний мандатад халдаж байна. Б.Пүрэвдоржид ёсзүйн хариуцлага тооцож болно. Харин төсвийн төсөл, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сонгогчдынхоо саналыг тусгуулах эрхэнд халдаж болохгүй. Б.Пүрэвдорж 7 хоног хуралдаандаа оролцохгүй байна гэдэг нь сонгогчдын эрхэнд халдаж байна гэсэн үг.

Хуульзүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-УИХ-ын гишүүд хуралдааны үеэр бүдүүлэг үг хэрэглэх, бусдыгаа доромжлох асуудал гардаг. Үүнд ёсзүйн хариуцлага хүлээлгэж байгаа. Судалгааны хүрээлэнг мэргэшсэн парламент Д.Лүндээжанцангаар ахлуулан байгуулсан.

УИХ-ын гишүүн Г.Ганбат:

-Байнга буруу зүйл хийх юм аа. Ийм байдлаа хэзээ болих юм бэ. Бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг нь хааж боосон ийм байдлаа хэзээ болих юм бэ. Өмнө нь УИХ-ын дарга З.Энхболд байхдаа гишүүдийн микрофоныг хаадаг байсан. Дөрвөн жилийн дараа ороод иртэл үүнийг бүр хуульчилчихаж. Сонгогдсон гишүүний ард түмний эрх ашгийг бодохгүй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-Хэн нэгний эрхийг хааж, хязгаарласан зүйл байхгүй. Эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тогтолцоо эвдэрчихсэн байсныг бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засах гэж хичээсэн. Та УИХ-ын гишүүн байх үед намын гишүүдтэй хамт өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөтийн төслийг бид өнгөрсөн жил зассан. Үе үеийн парламент дамжиж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаглалын тогтолцоог боловсронгүй болгоё, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох асуудал тусгагдсан. Үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийн 33-д заасан бүрэн эрхээсээ гадна нэмээд 44 хуулиар өөртөө нэмэлт бүрэн эрхүүдийг авчихсан байсан.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах үндэслэл бий. УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33-д заасан бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачилна гээд заалт оруулсан. Мөн Засгийн газрын хууль санаачлах асуудлыг ч УИХ-ын тухай хуульд оруулчихсан. Тэгэхээр Засгийн газар, Ерөнхийлөгч ямар хүрээнд хууль санаачлах уу гэдэг а нь УИХ-ын тухай хуулиар зохицуулагдах асуудал биш юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

-УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгчийн мөн Засгийн газрын хууль санаачлах хүрээ, хязгаарыг оруулсан нь зохимжтой юу гэдгийг хөндөж байна.Үүнд бид ойлголтын зөрүүгээ нэгтгэх ёстой. УИХ бол Үндсэн хуульд зааснаар Монгол төрийн хууль тогтоох дээд байгууллага. УИХ-ын үндсэн үйл ажиллагаа хуулийг боловруулж, баталж мөн хяналт тавих явдал. УИХ-ын үндсэн үйл ажиллагаанд оролцож байгаа Засгийн газар, Ерөнхийлөгч хэрхэн оролцвол зохистой юм бэ гэдгийг өөрсдийн зохицуулсан УИХ-ын тухай хуульдаа тусгахгүй юм бол хэн нэгэн хууль санаачлаад байж болохгүй. Хууль санаачлах эрхтэй субъектууд ийм эрхийн хүрээ, хязгаарт хууль санаачлах үүрэгтэй гэдэг зааг ялгааг нь тодорхой болгож өгсөн. Мөн хууль тогтоомжийн тухай хуульд хууль санаачлахдаа ямар шалгуурын хүрээнд хуулийг боловсруулах ёстой вэ гэдгийг заасан. Ингэж байж хууль хоорондын хийдэл гарахгүй.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Хууль санаачлах эрх өнөөдөр парламентад, Засгийн газар, ард түмэнд бий. Өнгөрсөн парламент болон одоогийн парламентад дийлэнх олонх нь нэг намын гишүүд. Парламент, Засгийн газар хоёр нэгдмэл сонирхолтой байдаг. Ийм үед намын харъяаллаар асуудалд хандахгүй хууль санаачлах цорын ганц эрх Ерөнхийлөгчид бий. Энэ эрхийг нь хязгаарлах нь буруу. Хэрэв үүнийг алдагдуулбал ардчиллын тэнцвэр алдагдаж, дарангуйлал руу явна. Үүнээс бид зайлсхийх ёстой. Үндсэн хуулийн зургаан зүйлд Ерөнхийлөгчийн оролцоог нь заачихаад хууль хязгаарлах эрхийг нь хааж болохгүй ээ. ЕТГ-ын дарга Ө.Шижирээс асууя. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцаж байхад Үндсэн хуулийн 33 дугаар зүйлээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хаах асуудал яригдсан юм уу. Үндсэн хуулиас давсан хууль байх ёсгүй.

ЕТГ-ын дарга Ө.Шижир:

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах үеэр Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлыг онцлон ярьж байгаагүй юм билээ. Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш өөрийнхөө бүрэн эрхийг нэмэгдүүлсэн хууль нэгийг ч санаачлаагүй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Холбоотой мэдээ

Г.ЁНДОН: УУЛ УУРХАЙН САЛБАР БИДНИЙ ЦАЛИНГ ТАВЬЖ БАЙНА. ИЙМД ЛИЦЕНЗИЙН ТООГ ЦӨӨРҮҮЛНЭ ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ, ИЛ ТОД УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

18 дахь удаагийн уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын олон улсын “Дисковер Монголиа”чуулга уулз

2020-11-03

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД “ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Х.Ганхуяг, Б.Энхбаяр,

2020-10-08

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД, ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ, БИЧИГТ-ЗҮҮНХАТАВЧ ГЭСЭН ГУРВАН ТӨМӨР ЗАМЫН БООМТ НЭЭГДЭЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргий

2020-09-16