Хятадын тал Энэтхэгийн 10 олзны цэргийг шилжүүлж өгчээ

2020-06-19 0

 

Өнгөрсөн Даваа гарагт Хималайн уулын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр олзлогдсон 10 цэргийг Хятадын тал Энэтхэгт хүлээлгэн өгчээ.

Тэдний дотор дөрвөн офицер байсныг Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Кашмирийн Ладакт оршдог Галваны хөндий хэмээх газарт болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгдэж, 76 цэрэг шархдсан гэсэн тоо бий.

Харин Хятадын талаас хохирлын талаар ямар нэг тоо баримт дэлгээгүй байна. Өчигдөр олзны цэргүүдийг сулласан явдал нь хоёр улсын зэвсэгт хүчний хооронд үргэлжилж байгаа яриа хэлэлцээний эхний үр дүн бололтой.

Дээрх мэдээг цацагдахаас өмнө өчигдөр Энэтхэгийн армийн офицер Хятадын хилийн цэргүүдийн хэрэглэсэн гэх зэвсгийн зургийг сошиал сүлжээнд нийтэлсэн нь дуулиан тарьсан юм.

 

Зураг дээр олон тооны хадаас тогтоосон төмөр саваануудыг үзүүлсэн байжээ.

Хоёр улсын хооронд 1996 онд байгуулсан гэрээ ёсоор хилийн маргаантай бүсэд харуулын үүрэг гүйцэтгэхдээ цэргүүд галт зэвсэгтэй явах ёсгүй юм байна. Тиймээс уг мөргөлдөөнд талууд чулуу, мод, төмөр саваа зэргийг зэвсэг болгон ашиглажээ.

Мөргөлдөөн болсон газар нь далайн түвшнээс 4,300 орчим метрийн өндөрт байдаг ба зарим цэргүүд өндөр хавцлаас Галваны гол руу унаж амь үрэгдсэн гэнэ.

Хятад, Энэтхэгийн хилийн зөрчил мөргөлдөөний түүхэнд 45 жилийн дараа хүний амь үрэгдсэн анхны хэрэг гарсан нь энэ юм. Хамгийн сүүлд 1975 онд Энэтхэгийн зүүн хойд Аруначал Прадеш мужийн нутаг дахь хилийн маргаантай бүсэд хоёр талын цэргүүд буудалцах үеэр Энэтхэгийн дөрвөн цэрэг амь үрэгдэж байжээ.

Сүүлд гарсан мөргөлдөөнд талууд харилцан нэг нэгнийгээ түрүүлж өдөөн хатгасан хэмээн буруутгаж байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ

Татварыг нэмэх гэж байгаад Оросын нефтийн компаниуд гомдолтой байна

ОХУ-ын Сангийн яам зарим татварыг нэмэгдүүлэх саналыг боловсруулаад байгаа юм. Харин энэ саналыг

2020-08-20

Мадуро: Би ОХУ-ын вакциныг тариулсан анхны венесуэл болно

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-ын "Спутник 5" вакциныг тариулсан анхны венесуэл хүн болж

2020-08-18

Ирланд, Канад улс Беларусын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Наймдугаар сарын есний өдөр Беларуст болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ард иргэд нь эсэргүүцэн,

2020-08-18