Олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийн эргэн тойронд

2020-06-04 0

 

Сонгуулийн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас нийтэд ил болголоо.

АТГ-т мэдүүлсэн олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогыг онцолж байна.

Хотын дарга банк бус санхүүгийн байгууллага эзэмшдэг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хадгаламжиндаа 77 сая төгрөгтэй бөгөөд өөрийн орлогоо 83 сая, гэр бүлийн орлогоо 173 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн түүний нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй “Оюуны Ундраа Групп ХХК”ийн хувьцааны 24 хувийг эзэмшдэг бол “МСГ” банк бус санхүүгийн байгууллагыг 100 хувь эзэмшдэг болохоо ХОМ-тээ тусгажээ.

Хуульч Б.Гүнбилэг таван орон сууцтай

Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сонгуульд оролцохоо илэрхийлж байгаа үеэр УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан Б.Гүнбилэг байраа зараад сонгуульд оролцохоор боллоо хэмээн мэдэгдэж байсан.

Тэгтэл Б.Гүнбилэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ амины орон сууц нэг, нийтийн орон сууц тав, хашаа байшин нэг гэж бөглөжээ. Мөн тэрбээр 108 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг ажээ.

УИХ-ын гишүүн С.Жавхлан орон сууц, авто машин тус бүр хоёртой

Монгол ахуй, зан заншлаар амьдрахыг уриалдаг эрхэм гишүүн С.Жавхлан нийтийн орон сууц хоёр, гэр нэг, Hyundai Santa Fe, Nissan Patrol маркийн авто машин тус бүр нэгийг эзэмшдэг байна.

Л.Оюун-Эрдэнэ сайд ахынхаа компанийн 50 хувийг эзэмшдэг

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Херо энтертайнмент групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Баатартай ах дүүс гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайд ахынхаа компани буюу “Херо энтертайнмент групп” ХХК-ийн 50 хувийг 2017 оноос хойш эзэмших болжээ. Мөн тэрбээр “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг бөгөөд 100 сая төгрөгийн хадгаламжтай, өөрийн нийт орлогоо 233 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна.

500 мянган төгрөгийн орлоготой М.Чингисхаан

УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж буй М.Чингисхаан 500 мянган төгрөгийн орлоготой, нэг гэртэй, 0.07 га газар эзэмшдэг болохоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Тэрбээр “Цэцэн продакшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг ажээ.

Л.Өнөрчимэг үл хөдлөх хөрөнгөгүй

Иргэний нийгмийн байгууллагуудаас зохион байгуулдаг жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог иргэн Л.Өнөрчимэг сонгуулийн 22 дугаар тойрогт Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшиж буй.

Тэрбээр үл хөдлөх хөрөнгө, мал, өр авлагагүй бөгөөд таван сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлагийн үнэт зүйлтэй хэмээн мэдүүлсэн байна.

Нэвтрүүлэгч С.Чимгээгийн нөхөр гэр бүлийн орлогоо мэдүүлсэн үү

Монгол ТВ-ийн дэд захирал, нэвтрүүлэгч С.Чимгээгийн нөхөр М.Чойдорж УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж буй. Тэрбээр өөрийн орлогоо 91 сая төгрөг гэж мэдүүлсэн бол мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн орлогоо 0 төгрөг хэмээн бөглөсөн байна. Тэрбээр “Баджэр интернэшнл ложистикс” ХХК, “Жигүүртур” ХХК, “Чойстур” компаниудын 40-100 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд 70 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.

Т.Ганболд гадаадын банканд хадгаламжтай

УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж буй Т.Ганболдын өөрийн нийт орлого 146 сая төгрөг бөгөөд нийт 26 тэрбум төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг ажээ. Сонирхуулахад, тэрбээр дотоодын банканд 28 сая төгрөг хадгалуулсан бол гадаадын банканд 3.2 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшдэг байна.

Нийгмийн цөөнхийн төлөөлөл

Энэ удаагийн сонгуульд нийгмийн цөөнхийг төлөөлөн оролцож буй Н.Ган-Од 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэрбээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 350 мянган төгрөгийн орлоготой, үл хөдлөх хөрөнгөгүй, таван сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна.

Д.Кёкүшюзан Батбаяр 3,000 үхэртэй

Д.Кёкүшюзан Батбаярын эзэмшдэг компаниудын нэрийг жагсаавал нэлээд урт жагсаалт гарах нь дамжиггүй. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 13.2 тэрбум төгрөг ажээ. Мөн тэрбээр нийт 70 тэрбум төгрөгийн үнэлгээтэй долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай юм байна.

Д.Кёкүшюзан Батбаярын хөрөнгө орлогын мэдүүлгээс хонь 300, үхэр 3,000, ямаа 200, хурдан удмын адуу 15-тай нь анхаарал татсан юм.
Нам, эвслээс болон бие даан нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогын мэдүүлэгтэй ЭНД дарж танилцана уу.

Холбоотой мэдээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг

2020-06-17

Байлдааны зориулалттай 3308 ширхэг сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

  Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн тавдугаар сард Дор

2020-06-17

Д.Нямхүү: 15 настай сурагч, 19 настай оюутан өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгэрсэн хүн 111 боллоо

  Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжи

2020-06-17