Умард туйлын бүсэд их хэмжээний шатахуун асгарсантай холбогдуулан Владимир Путин онц байдал зарлажээ

2020-06-04 0

 

Умард туйлын бүс нутагт оршдог голын усанд 20,000 тонн дизель түлш асгарсан ослын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тухайн газар оронд онц байдал зарлах шийдвэр гаргажээ.

Баасан гарагт Норильск хотын цахилгаан станцын шатахууны нөөцийн саванд эвдрэл гарснаас дизель түлш гадагш асгарсан байна.

Өчигдөр болсон видео хурлын үеэр Путин цахилгаан станцыг эзэмшигч Норникель компанийн захирлыг ослын талаар төвд шуурхай мэдээлэл өгөөгүй гэж буруутган хатуу зэмлэжээ.

“Засгийн газар яагаад хоёр өдрийн дараа ослын талаар мэдэв? Ийм ноцтой ослыг бид сошиал сүлжээнээс түрүүлж сонсох ёстой гэж үү? Та ер нь эрүүл байна уу?” гэх зэргээр Путин компанийн тэргүүн Сергей Липинийг зэмлэсэн байна.

Норильск хот харьяалагддаг Красноярск мужийн захирагч ослын талаар дөнгөж Ням гарагт анх сошиал сүлжээнээс мэдээлэл авснаа Путинд хэлжээ.

ОХУ-ын мөрдөн байцаах товчоо дээрх осолтой холбогдуулан гурван төрлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээ өчигдөр мэдээлсэн байна.

Мөн бүс нутгийн байгаль, гол нууруудыг бохирдлоос цэвэрлэх ажлыг тус улсын онцгой байдлын ерөнхий газар эхлүүлэхээр болжээ.

Алдагдсан шатахууны хэмжээ асар их тул нуун дарагдуулах боломжгүйг World Wildlife Fund сангийн ОХУ дахь салбарын тэргүүн Алексей Книжников хэлж байна.

2007 онд Хар тэнгисийн Керчийн буланд 5,000 тонн газрын тос асгарсан нь ОХУ-ын хувьд ийм төрлийн хамгийн том осол байсан бөгөөд цэвэрлэх ажиллагаанд зэвсэгт хүчин болон олон зуун сайн дурынхан оролцож байжээ.

Тэгвэл Норильск хотын орчимд гарсан осол нь хэмжээгээр үүнээс хавьгүй том юм.

Шатахуун асгарсан Амбарная гол нь зам харгуй муутай, алслагдсан байрлалтай тул цэвэрлэх ажиллагаа явуулахад маш хүнд хэцүү гэж албаныхан үзэж байна.

ОХУ-ын байгаль орчны сайд Дмитрий Кобылкин асгарсан шатахууныг шатаах санал гаргасныг зарим хүмүүс хэт эрсдэлтэй гэж үзжээ.

Эх сурвалж: Associated Press

Холбоотой мэдээ

Татварыг нэмэх гэж байгаад Оросын нефтийн компаниуд гомдолтой байна

ОХУ-ын Сангийн яам зарим татварыг нэмэгдүүлэх саналыг боловсруулаад байгаа юм. Харин энэ саналыг

2020-08-20

Мадуро: Би ОХУ-ын вакциныг тариулсан анхны венесуэл болно

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ-ын "Спутник 5" вакциныг тариулсан анхны венесуэл хүн болж

2020-08-18

Ирланд, Канад улс Беларусын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй

Наймдугаар сарын есний өдөр Беларуст болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг ард иргэд нь эсэргүүцэн,

2020-08-18