Бурхан багшийн их дүйчин өдрийг онлайнаар тэмдэглэн өнгөрүүлнэ

2020-06-03 0

 

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-н энэ жил зургаадугаар сарын 5-нд тохионо. Хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.

Үүнтэй холбоотойгоор МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэдээлэл хийлээ. Тэрээр “Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг. 10 хар нүгэл дотор, уур омог, хүсэл тачаал тэргүүтэй маш олон үйл багтдаг бөгөөд тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг. Өгөөгүйг авах нүгэлд, засаг төр, албан байгууллагаас хээл, хахууль авч байгаа үйлдэл тооцогдоно гэдгийг Тэргүүн хамба Д.Чойжамц онцолж байв.

Хэлээр хийдэг нүгэл болох хов жив, хараал, хэрүүл, бусдыг гомдоох, дээрэлхэж доромжилсон хэрцгий үгсийг тус өдөр тэвчиж, аль болох хүнд сайн сайхан үгийг хэлж байх учиртай.

Одоо сонгууль ойртож байгаа учир хар Пи-Ар тэргүүтэй муу, муухай үг хэл, үйлийг маш ихээр тэвчих ёстойг сануулах нь зүйтэй. Учир нь хүмүүс нэгнийгээ олны өмнө тэгж харлуулж, гүтгэн, гутаан доромжлох нь хэзээ ч сэтгэлээс нь арилахгүй өс хонзон тогтоож байдаг. Тэр өс хонзон нь цааш үргэлжилж, Монголыг нийгмээр нь эвдэх ч аюултай.

Бурхан багшийн Их дүйчин өдөр ядаж дээрх үйлүүдийг тэвчиж, бусад үед ч уг өдрөөр жишээлж сайхан амьдарцгаая гэсэн гэгээлэг бодлыг л тээх хэрэгтэй.

Бурхан багшийн Их дүйчин өдөр муу үйлийг хийхгүйн тулд нэг өдрийн сахил сахидаг. Ингэхдээ, өглөөнөөс эхлээд орой болтол 10 хар нүглийг хийхгүй хэмээн сэтгэлдээ амлан цагаан хоол идэх, мацаг барих зэрэг олон аргаар сахиж болдог аж. Сахил сахих нь бидний амьдралыг доройтуулах бие, хэл, сэтгэлийн муу үйлийг номхотгож, буяны зүгт хандуулах аргын нэг хэлбэр. Мөн энэ нь бурхан багшийн үйл намтрыг өөрийн бие дээр хэрэгжүүлж, бусдад хөнөөлгүй байхад суралцаж буй үйл хэрэг хэмээн ойлгож болох юм. Сахил сахихын цаана төгс гэгээрэлд хүрч, бурхны хутагийг ч олж болох гүн гүнгий утга оршин байдаг.

Уг нь Бурхан багшийн Их дүйчин өдөр төв гудамж дагуу жагсаж, бясалгал хийх болоод энх тайван шударга ёсны төлөө үгээ хэлэх, нигүүлсэл энэрэл хайрыг түгээсэн лекцүүдийг унших зэргээр олон зүйлийг төлөвлөсөн байжээ. Харин цар тахлын улмаас тэдгээр олныг хамарсан үйлс хумигдаж байна. Гэхдээ бид энэ цар тахлаас их сургамж авч байгаа.

Энэ цар тахал бидэнд өөрсдийгөө дүгнэх нэг боломж олголоо гэж бодож байна. Монголчуудын хувьд, энэ хөр хорио, өндөржүүлсэн байдал гайхалтай эмх цэгтэйгээр үргэлжилж байна. Бид нүүдэлчин ард түмэн ч гэлээ эрт үеэсээ ямар нэг аюулын чимээ сонсоод нэгдэн нягтарч, хамтын хүчээр хамгаалж ирсэн түүх бий. Хэдхэн сарын өмнө нь төр, засгаас аймшигт тахал гарахаас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио тогтооход ч бид бүгд шийдвэрээ дуу нэгтэйгээр дагаж, хамгаалж чадсан. Үүний ч үндсэн дээр аюулт өвчний халдвар дотоодод тархаагүй нь маш талархууштай явдал болж байна. Энэ нь монголчуудын маань шашин, төрөө хүндэтгэдэг шинж чанар нь хэвээр байгаа юм байна гэсэн бодол төрүүлж байна. Зарим улс, оронд үүний улмаас маш их хэрүүл тэмцэл болж байхад монголчууд тэгээгүй нь эв нэгдлийг харуулсан явдал боллоо” хэмээн өгүүлэв.

Бид энэ цар тахлыг энэ хэвээрээ заавал даван туулах хэрэгтэй. Тиймээс энэ тахлыг үед ч бид олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч алсаас тэмдэглэх төлөвлөгөөтэй байна. Ингэж тэмдэглэхэд ч ямар нэг саад бэрхшээл алга. Энэ цар тахал, өвчний үед шинжлэх ухаан, техникийн хөгжил бидэнд үнэхээр гайхамшгийг авчирсан гэдгийг бид бүхэн өнөөдөр илүү тодоор харж, ойлгож байгаа билээ. Хэдэн мянган километрийн цаана байгаа хүүхдүүдтэй тэгж холбогдож болж байхад Монголынхоо гуравхан сая хүнтэйгээ олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэлэх үгээ хэлж сайхан тэмдэглэж болно гэсэн сэтгэгдэлтэй байгаа” хэмээв.

Тус өдөрт зориулж Гандантэгчэнлин хийдээс Богд уулын сав газрыг цэвэрлэх, мод тарих, ядарч зүдэрсэн арддаа туслах зэрэг олон ажлыг хийсэн. Цаашид ч нэлээд ажил хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

Халаасны хулгай хийдэг бүлэг этгээдийг баривчилжээ

  Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайн гэмт хэрэг

2020-06-17

Байлдааны зориулалттай 3308 ширхэг сум, хэрэгслийг аюулгүй болгожээ

  Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн тавдугаар сард Дор

2020-06-17

Д.Нямхүү: 15 настай сурагч, 19 настай оюутан өнөөдөр эмнэлгээс гарч байна. Эдгэрсэн хүн 111 боллоо

  Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжи

2020-06-17