Амжилт

2020-05-22 0

Хуучин цагт ганц чемодантай, ганц жижиг өрөөнд эхнэр нөхөр бололцож, амьдралаа босгох нь романтизм байв. Харин өнөө цагт ганц нөөтбүүктэй, ганц жижиг өрөөнд бизнэснээ эхлүүлээд, бизнэсээ босгосон хүний түүх л хамгийн романтик түүх юм.

2015 оны хавар нэг найз маань утасдаж дуудлаа, офис дээр хүрээд ирээч нэг кино зохиолын ажил байна ярья гэв. Яваад очлоо. “Найз нь бүрэн хэмжээний 3D хүүхэлдэйн кино хийх санаатай байна” гэхэд нь би ч нэлээд эргэлзэж, “Заавал 3D юмуу, 2D зүгээр бишүү эхэндээ бол..” гэх маягийн битүү тойруу үг хэлэв. Угаасаа бүтэхгүй ажил гэж санасан хэрэг. Нөхөр харин заавал 3D, заавал яг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийхээр эрс шулуун зорьсоноо хэлэх нь их л сэтгэл хөөрлөөр хандаж байх шиг анхандаа санагдав. Аяга кофе уусны дараа найз өөрийн компаний хийсэн 3D богино шторк, дуу оруулж засаж амжаагүй ноороглоод орхисон хоёр янзын 3D дүрсийг надад сонирхуулж харууллаа. Хэдхэн сэкундын дүрсүүд нь ч нэлээд болхи юм, би ч жаахан ярвайлттай. “Одоохондоо манай залуус ийм л зүйл хийж байна.. Иймхэн болхи дүрсийг л хийх гэж манайхан бараг сар суусан.. Энэ гэхэд л хийхэд аймар хэцүү ажил..” гэж намайг шүүмжлэхээс өмнө өөрөө эхэлж дуугарав. Тэгэхээр зориод байгаа ажил нь үнэхээр бэрх гэдгийг надаас илүү мэдэж байгаа ажээ, хөөрүү сэтгэл биш болж таарлаа. Би гайхаад “Ийм хэцүүг нь мэдсээр байж чи яагаад бүрэн хэмжээний 3D кино хийх гээд байгаа юм бэ? Монгол хүүхдүүд гадаадын аймар кино үздэг болсон. Танай хийснийг тоох уу?” гээд өнөөх л хэдэн улигт шүүмжээ урсгав. “Ямар ч байсан дуусганаа, найздаа нэг аятайхан зохиол л бичээд өгчих. Хэцүү зураглал цөөхөнтэй. Энгийн мөртлөө өвөрмөц. Монголын орчин байдлыг харуулсан. Хөгжилтэй инээдтэй..”. Би ч мөрөө хавчсанаа, эргэлзэнгүй толгой дохиод, ямартай ч сарын дотор нэг зохиол бичээд өгөв. Харин түүнээс хойш бараг гурван жил өнгөрч, би ч бараг ямархуу зохиол бичсэнээ мартаад байх үед 2017 оны намар Монголын анхны 3D хүүхэлдэйн кино “Мора” нээлтээ хийсэн юм. Гурван жил зууралдаж, 200 сая гаруй төгрөгийн зардал гаргасан гэдэг. Мэдээж ур хийцийн хувьд шүүмжлэх зүйл асар их, зохиолын тал дээр ч надад гаргасан алдаа бий, гадны кинонуудтай харьцуулах боломжгүй. Гэхдээ л “Мора” хүүхэлдэйн кино удахгүй “Эрх цагаан ишиг” шиг домог болж үлдэх байх. Нөгөө талаас, “Эрх цагаан ишиг” бол гадны кинонуудтай харьцуулахад тийм ч гайхалтай бүтээл биш, гэхдээ “Эрх цагаан ишиг” хийгдээгүй байсан бол яах байсан бэ гэж бодоход сонин.

Миний дурдаад байгаа найз маань бол Амжилт.ком сайтын үүсгэн байгуулагч Ж.Шижир юм. Тэдний офиссоор жилдээ 2 – 3 удаа очдог юм, очих бүрт л нэг ширээ нэмчихсэн, шинэ юм ярьчихсан сууж байна. “Мора” киног хийх гурван жилийн хугацаанд Амжилтын багийнхан үнэхээр ч амжилттай ажиллаж, өдгөө аниматор, зураач нар нь нэлээд чадвар суусан байна. Нотолгоо нь “Зуузуугийн найзууд” хэмээх дараагийн цуврал 3D хүүхэлдэйн кино контэнт. Нэг нь 4 – 5 минут үргэлжлэх, ишиг, хурга, тугал, ботго, унага гэсэн таван найзын үйл явдал гарах энэхүү киноны дуу дүрс, чанар, хийц хөдөлгөөн 2017 онд бүтээсэн Мора киноны дэргэд хэдэн шат ахисан харагдана. Энэ хурдаараа ахиж чадвал гадны киноны чанарт ойрын хэдэн жилдээ хүрч болохоор л сэтгэгдэл төрдөг юм. Мэдээж гаднаас суралцах зүйл маш их учир мэдээлэл технологи, програм хамгамж, график дизайнерийн чиглэлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн тулд, гадныхантай холбогдож, Энэтхэгийн их сургуулийн сургалтыг 2018 оноос монголдоо нээж, давхар өөрийн боловсон хүчнээ ч өөрөө бэлдээд эхэлжээ.

Хуучин цагт ганц чемодантай, ганц жижиг өрөөнд эхнэр нөхөр бололцож, амьдралаа босгох нь романтизм байв. Харин өнөө цагт ганц нөөтбүүктэй, ганц жижиг өрөөнд бизнэснээ эхлүүлээд, бизнэсээ босгосон хүний түүх л хамгийн романтик түүх юм. Шижирийн хувьд МУБИС –ийг математикийн багш мэргэжлээр төгссөн ч мэдээлэл технологийн салбарт дурлаж, өөрөө суралцаж, өөрийн компанийг байгуулж, бүгдийг тэгээс нь эхлүүлээд зүтгэж, чамгүй амжилтанд хүрээд явж буй. Түүнд нэг сонирхолтой зан байдаг нь өөрийн хийж буй ажлыг намайг муулахаас өмнө өөрөө түрүүнд нь сайн мууг нь яриад өгчихдөг явдал. “Одоохондоо ийм тийм сул тал байгаа, нуух юмгүй.. Гэхдээ цаашдаа..” гээд яриагаа эхлүүлнэ. Бас “Юм хийсэн хүн л шүүмжлүүдэг.. Замын ноход хуцаж л байдаг.. Ийм зүйл хийгээд байхад намайг ингэж дэмжсэнгүй..” гэх мэтийн гоншигоносон зүйл хэзээ ч ярьдаггүй, хэнд ч гомдоллодоггүй бор зүрхээрээ зүтгэдэг зантай нь сайхан.

Эднийхэн энтэртэйнмэнт гэлтгүй олон салбарт оржээ. Amjilt.com нэрнээс эхлэлтэй түүний компани өдгөө 2020 оны эхний хагас жилд Амжилт кибер ЕБС, Амжилт дотком, Амжилт контент, Амжилт шоп, Амжилт анимейшн зэрэг салаа үүсгэж. “Ийм олон салбараас тэгээд заримыг нь хаях уу яваандаа..” гэж асуухад толгой сэгсрээд өөрийн компанийг хөлбөмбөгийн багтай зүйрлэсэн юм. Хөлбөмбөгийн дасгалжуулагч бүх тамирчиддаа итгэдэг, хэн нь гоол оруулахыг хэн ч урьдчилан төлөвлөж чадахгүй, заримыг нь онцлоод заримыг нь шоовдорлоод байвал тэр баг харин амжилтанд хүрэхгүй шүү дээ.

Гурван пивоны дараа ер нь ирээдүйд яах санаатай байгааг нь асуув. Найз харин өөдөөс “Дэлхийн топ IT компанийн нэг болно. Манай Амжилт 2.0 платформ, дижитал боловсролын системийг хүн бүхэн хэрэглэнэ.. График дизайн, анимейшн, 3D мультимедиа чиглэлээр Disney, Pixar-тай зэрэгцэнэ.. Зөвхөн манай компани гэлтгүй бусад олон монгол компани гарч ирж дэлхийд алдартай болох байхаа..” гэж найрсагаар хариулав. Би ч бас маазарч инээгээд “Зүгээр маяглахгүй жинхнээсээ хариулаачээ хөгшөөн..” гэхэд “Хөгшин нь жинхнээсээ л хариулж байна ш дээ..” гээд мушийсан юмдаг. Хэн мэдэх вэ дээ. Ковид-19 вирус ганц Монголыг биш дэлхийг өөрчилж байна. 2020 он бол их өвөрмөц жил, магадгүй 1990 он шиг их эргэлтийн жил байх ч юм билүү. Шинэ соргог боломжууд олноороо гарч ирнэ, зарим нь амжилтад хүрнэ, зарим нь ч архичин болох биз. Тиймээс залуучууд маань эмоорч, сэтгэлээр унах биш харин ч өөртөө итгээд шинэ амжилтын төлөө зүтгэх нь зүй биз. Эцэст нь, “Бид бүгдийг маш том амжилт хүлээж байна. Хэзээ ч хэн нэгнээс тусламж, халамж бүү горьд” гэдэг нөхрийн үгээр бичсэнээ дуусгая.

Жич: Ийм зүйл бичсэн нь сонгуультой огт холбоогүй, бор зүрхээрэ бодит юм хийж буй нэг нөхрөө бусад олон хүмүүс таньж аваасай гэсэндээ бичив.

Эх сурвалж: нийтлэлч ААНХАА

Холбоотой мэдээ

Гурван гишүүнийг 33 тэрбумын зээлээр зодсон бороохой нь хэнийх байв?

Шинэхэн парламентчид банкныхнаас хуулиа аварч чадах болов уу? Гурван залуу гишүүн 33 тэрбумын зээ

2021-01-22

“Эрдэнэт”-ээс илэрсэн “Ачит Ихт”-тэй холбоотой зөрчлүүд: Овоолго, газар, татвар…

“Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг шалгахаар “Ачит Ихт” ХХК-тай холбоотой ноцтой зөрчлүүд илэр

2020-12-11

САЯ ДОЛЛАРЫН УУРХАЙЧИДТАЙ ЗАХИРАЛ

Эх сурвалж: Business.mn Төрийн өмчит том компанийн захирал тэр чигээрээ албан тушаалын нэр зүүс

2020-10-30